Эрх баригч хоёр нам тоглоомынхоо дүрэмд өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Ардчилсан намын АХХ, МАХН-ын Зүүний хүчний холбоо намрын чуулганаар тоглоомын дүрмийг гартаа атгаж, гол дүрд нь тоглох бололтой.
Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалын тэргүүнийг сольж түүний оронд С.Баяр томилогдоно гэх бор шувуу Төрийн ордноор нисэх болов. Нэгэн үе намын дарга хийж байсан С.Баярт албан тушаал өгч байгаа нь ирэх сонгуулийн ажилдаа МАХН орсны дохио болов уу. Мөн намын даргад Шадар сайд М.Энхболдын нэр дуулдах боллоо. Энэ мэдээлэл үнэн эсэх нь МАХН-ын бага болон их хурлаар тодорхой болно.


